ШИНЭЧИЛСЭН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

date_range 2021 оны 11 сарын 16

Хэлэлцэн батлагдах ээлжээ хүлээж, 4 парламент дамжин 10 гаруй жилийн нүүр үзсэн Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) 2021 оны 07 сарын 02-ны өдөр УИХ-аар эцэслэн батлагдсан билээ.

          Уг хууль нь нийгмийн суурь харилцаа болох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх чухал ач холбогдолтой хууль юм.

Монгол Улсад хөдөлмөрийн харилцааг анх 1925 онд “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-ээр зохицуулж байсан нь хөдөлмөрийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан бөгөөд 1930, 1933, 1934, 1941, 1973, 1991, 1999 онуудад баталсан Хөдөлмөрийн тухай хуулиуд нь тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулан хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг зохицуулж ирсэн.  

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүйд хүрсэн.

Ийнхүү олон жилийн дараа Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдаж, хуулийн хамрах хүрээ өргөжсөнөөр:

  • нийт ажилтны хөдөмөрлөх суурь эрх хангагдах,
  • хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтны зохистой тэнцвэр бий болох,
  • хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх,
  • хөдөлмөр, нийгмийн асуудлыг аж ахуй нэгж, байгууллага дотроо харилцан зөвшилцөн шийдвэрлэх,
  • хөдөлмөрийн маргааныг анхан шатандаа, зардал багатай шийдвэрлэх,
  • хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой зааж өгсөн

зэрэг хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө илүү сайжрах боломжийг олгосон бөгөөд ирэх оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд дагаж мөрдөгдөх юм.

 

Дараах линк дээр дарж Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-тай танилцана уу. https://legalinfo.mn/mn/detail/16230709635751

keyboard_arrow_up